Амны хөндийн нийтлэг өвчлөлүүдийн нэг бол буйлны үрэвсэл юм. Шүд угаахад буйлнаас цус гарч, шүд угаах, шүдний завсар цэвэрлэх, хоол идэх үед ч тэр хэсэгтээ хөндүүрлэн эмзэг болж байгаа бол танд буйлны үрэвслийн шинж тэмдэг илэрч байгаа гэсэн үг юм.
Буйлны үрэвслийг өнгөрийн болон өнгөрийн бус гэж ангилдаг.
- Өнгөрийн (шүдээ дутуу угаах, кофе, цай, тамхи зэрэг бүтээгдэхүүн хэрэглэснээс шүдний паалан дээр өнгөр үүсч, өнгөр эрдэсжиж чулуу үүссэнээр буйл үрэвсэж эхэлдэг)
- Өнгөрийн бус (ерөнхий биеийн шалтгаан, жирэмсний үе дэх буйлны үрэвсэл, өсвөр насны буйлны үрэвсэл зэрэг орно)
Буйлны үрэвслийн шинж тэмдэг
- Шүд, буйлаа угаах үед бага зэрэг цус гарах
- Буйлны хэсэгт сойз хүргэж угаах үед хөндүүрлэж цус гарах
- Шүлсээ сороод хаяхад цустай байх
- Буйл хавагнаж үрэвсэх
- Буйлны өнгө улаан, ягаан туяатай байх
- Амнаас эвгүй үнэр гарах
Эдгээр нь нянгийн гаралтай үрэвсэл явагдаж байгаагийн шинж юм.
Шүдний тулгуур эдийн өвчлөл буйлны үрэвслээс эхэлдэг. Эмчлэхгүй удвал амнаас эвгүй үнэр гарах, шүд унах, гоо сайхны зовиуруудтай болох эрсдэлтэй байдаг.
Буйлны үрэвсэлтэй удаан явснаар зүрх судасны систем, уушги, бөөр, дотоод шүүрлийн эрхтнүүдэд сөргөөр нөлөөлдөг учраас цаг алдахгүй эмчлүүлэх хэрэгтэйг санаарай.
Буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх үндсэн аргууд:
- 6 сар тутам шүдний эмчид тогтмол үзүүлж байх
- Амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүнээ зөв сонгон хэрэглэх (оо, сойз)
- Шүдний утас хэрэглэх
Буйлны үрэвслийн гол шалтгаан бол нян бактери бөгөөд түүний ялгаруулж буй хорт бүтээгдэхүүнүүд юм. Хэрэв та витамин ба тэжээлэг найрлагаар баялаг хоол хүнс хэрэглэж байгаа бол энэ нь таны биеийг нянгийн довтолгооноос хамгаалах хамгаалалт үүсгэхэд тусална. Болж өгвөл хоол хүнсэндээ хүнсний ногоо, жимс ихээр хэрэглэж давс чихрийн агууламж өндөр боловсруулсан хоол хүнснээс зайлсхийх нь зөв гэдгийг санаарай.