Ислэгийн агууламж өндөр хоол хүнс хэрэглэх нь амны хөндийн эрүүл мэндэд ашиг тустай болохыг тогтоолоо

2019 онд хийгдсэн нэгэн судалгаагаар ислэгийн агууламж өндөр, бүдүүн ширхэгтэй үр тариан гаралтай хоол хүнсний хэрэглээ халдварт бус өвчний эрсдэлээс сэргийлэх асуудалд хэрхэн нөлөөлж байгааг тогтоосон байна. Энэхүү судалгааг Отаго Их Сургуулийн судлаачид гүйцэтгэсэн бөгөөд бүдүүн ширхэгтэй борог хоол хүнс болон ислэгийн агууламжтай хоол хүнсний хэрэглээний талаар нэлээд сайн нотолгоо болохуйц баримтуудыг гаргаж иржээ. Үүний үр дүнд ислэгийн агууламж өндөр ширхэглэг борог хоол хүнс нь амны хөндийн эрүүл мэндэд ашиг тустай болохыг судлаачид зөвлөж байна.

Судалгаанд 185 проспектив судалгаа, 58 эмнэл зүйн туршилт судалгааны баримтыг хамруулж  нийтдээ 4635 насанд хүрсэн хүний дата өгөгдөл дээр боловсруулалт хийжээ. Судалгааны дата үзүүлэлтээр ислэгийн агууламж хамгийн өндөр хоол хүнсний хэрэглээ ба ислэгийн агууламж хамгийн бага хоол хүнсний хэрэглээ хооронд харьцуулалт хийхэд зүрхний шигдээс, цус харвалт, 2-р төрлийн чихрийн шижин өвчний тархалтын хооронд 15-30 хувийн ялгаа ажиглагдсан байна. 

Судлаачдын зөвлөж байгаагаар хүн өдөртөө ядаж 25-29 грамм ислэгийг хоол хүнснээс заавал авч байх ёстой байтал ихэнх хүмүүс 20 граммаас доош хэмжээний ислэг авч байна. 

Судалгааны багийн ахлагч Отаго Их Сургуулийн анагаахын салбарын судлаач Andrew Reynolds эмч ислэгийн агууламж өндөр ба бүдүүн ширхэгтэй үр тариан гаралтай хоол хүнсний хэрэглээний талаар хийсэн судалгааны баримтад үндэслэн ийм төрлийн хоол хүнсний хэрэглээ амны хөндийн эрүүл мэндэд тустай болохыг баталж байна. Andrew Reynolds-ийн судалгааны баг бүдүүн ширхэгтэй гурилан бүтээгдэхүүнийг зажлахад бүдүүн ширхэг нь шүдний гадаргууг хусах замаар өнгөр тогтолтоо сэргийлэх төдийгүй хивгийн найрлагад агуулагдах нэгдлүүд нь нянгийн өсөлтийг зогсоодог гэж үзэж байна. 

Энэхүү судалгаа нь “Carbohydrate quality and human health: a series of systematic reviews and meta-analyses” гарчигтайгаар  The Lancet сэтгүүлийн 2019 оны 1-р сарын дугаарт нийтлэгдсэн байна. 


Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай

ХОЛБОО БАРИХ:

Утас: 7595-24/07, 8828-24/07

Мэйл: [email protected]