Хүний биеийн хамгийн эрчимтэй өсч хөгждөг үе бол хүүхэд нас шүү дээ. Гэтэл хүүхэд үеийн амны хөндийн өвчин эмгэгийн дотор шүд хорхойтох буюу мэргэжлийн хэллэгээр шүд цоорох өвчин тэргүүлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
Хүүхдийн хэрэглэж байгаа хүнс нь идэхэд хялбар зөөлөн байхаас гадна янз бүрийн чихэрлэг зүйлс агуулагдах болсон. Тухайлбал орчин үед янз бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, нүүрс хүчил ихтэй хоол хүнс хэрэглэдэг болсноос амны хөндийн хүчиллэг орчин тогтворгүй болж байгаа юм.
Хүчиллэг байдал давамгайлснаас болж шүдний паалан хэврэг болдог. Ингэснээр нян, бактерийг тэсвэрлэх чанар үгүй болж цоорол үүсч шүдний чанар муудаж өвчилдөг.
Сүүн шүдний эгнээнд зажлах үйл ажиллагаа хүчтэй нөлөөлдөг бөгөөд шүд цоорох өвчнийг эмчлээгүй орхисноос тэнцвэргүй, бага хооллох зэрэг шалтгаан бий болж улмаар эрүү нүүр муруй харагдах, хэл яриа дультраа болох, яриа ойлгомжгүй сонсогдоход хүргэдэг ба хоол хүнсийг бүрэн жижиглэж бутлаагүйгээс ходоод гэдэс муудах шалтгаан болдог.
Хүүхдийн шүдийг хэдий багаас арчилж чадна төдий чинээ эрүүл бүтэн байлгах боломжтой гэдгийг санаарай
Шүд цоорох өвчний үе шатууд болон эмчилгээ.
1. Шүдийг харахад илт мэдэгдэх өөрчлөлтгүй, ихэвчлэн өвдөлт зовиургүй байна.
Эмчилгээ: Шүдний цоорлыг түр зогсоох эм түрхэж тодорхой хугацаанд эмч хянах хэрэгтэй
2. Шүдийг сайн анхааралтай харвал гэмтсэн хэсгийн өнгө өөр болсон, юм идэхэд эвгүй оргиж өвддөг
Эмчилгээ: Шүдний цоорч гэмтсэн хэсгийг өрөмдөж цэвэрлэн, алдагдсан хэсгийг ломбоор нөхөж тавина.
3. Нүдэнд ил харагдахуйц нүх цоорхой үүссэн байх ба идэх юм, хоолны үлдэгдэл ороход өвддөг.
Эмчилгээ: Энэ үед эмнэлэгт очиж шүдний сувгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай.
4. Байнга өвдөхгүй боловч амнаас эвгүй үнэр гарч, өвдсөн үед буйл хавдах, буйлнаас идээ гарах шинж тэмдэг илэрдэг
Эмчилгээ: Энэ үед шүдийг авахаас өөр аргагүй болно.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ:
- Цахиур цухуйсан цагаас цэвэрлэж эхлэх
- Хүүхдэд зажлууртай хатуу ааруул, ээзгий, алим идүүлж эрүүний булчинг хөгжүүлэх
- Өдөрт шүдийг 2-3 удаа угааж хэвших
- Угаах боломжгүй болсон тохиололд юм идсэний дараа амаа усаар зайлах
- Угж цоорлыг эрт үед илрүүлж оношилбол ломбо тавих,түрхлэг түрхэх
- Эрдэс бодис, шим тэжээлтэй хоол хүнс идвэл шүд дотроосоо эрдэсждэг
- Харин нэгэнт хүүхдийн шүд цоорсон бол амны хөндийг сайн цэвэрлэж, эмчид үзүүлж зөвлөгөө авж байгаарай ❤❤❤
Мөн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ФТОРТ ТҮРХЛЭГ түрхүүлээрэй..