Шүдний мэдрэл хаана байдаг вэ?
Ер нь бол шүдийг энгийн хүмүүсийн дийлэнх хэсэг нь хатуу чулуу мэт эдээс тогтсон нэгэн цул биет гэж ойлгодог. Нөгөө талаар шүдийг яагаад өвдөөд байгаа учир шалтгааныг нь мэдэхгүйгээсээ болоод ястай зүйрлэх нь бий. Тэгвэл шүд нь хатуу цуллаг биет биш дотроо хөндийтэй байдаг. Энэ хөндийд нь цусны судас, мэдрэлийн багц нь байрлаж шүдний хатуу эдийн мэдрэлжилт болон бодисын солилцоог нь явуулж байдаг.
Шүдний хөндийг байрлалаар нь зөөлцийн хөндий ба сурвалжийн суваг гэж ангилдаг. Шүдний хөндий нь шүдний төв хэсэгт байралдаг бол сурвалжийн суваг нь ихэнх хүмүүсийн хэлж заншсанаар шүдний ёзоор хэсэгт байралдаг бөгөөд түүгээр дамжиж судас мэдрэлийн багц шүдний хөндийрүү ордог.
Шүдэнд мэдрэл байх ямар хэрэгтэй юм?
Магадгүй та бусад эд эрхтэнд мэдрэл ямар хэрэгтэй байдаг шиг шүдэнд ч тийм их чухал гэж бодож байгаа байх. Харин шүдний эмч мэргэжилтнүүд бол шүдэнд мэдрэл тийм ч чухал биш гэж хэлэх байна.
Яагаад? Шүдний мэдрэл нь шүдний эдүүд бүтцээ олж хөгжих явцад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин нэгэнт ургаж гүйцсэн шүдэнд бол мэдрэлийн багц нь зөвхөн мэдрэхүйн л үүрэг гүйцэтгэнэ.
Шүдний мэдрэлийг авсанаар шүд бусад эрхтний адил үхжиж устах уу? Үгүй. Шүд байдгаараа л байна.
Таны шүдний мэдрэл үрэвсээгүй эрүүлээрээ байна уу? Сайн байна.
Та шүдээ эмчлүүлээд шүдний хөндийгөө ломбодуулчихсан уу? Бас л сайн байна.
Судалгаагаар шүдний мэдрэлээ эрүүлээр нь хадгалсан буюу эрүүл шүд болон шүдний хөндийг ломбодсон шүдний хооронд ямар нэгэн анзаарагдахуйц, таагүй байдал үүсгэхүйц ялгаа байдаггүй байна.
Сувгийн эмчилгээг яах гэж хийдэг вэ?
Сувгийн эмчилгээг шүдний хөндийд буй нянгаар халдварлагдсан халдварын голомтыг арилгах, өвдөлт таагүй мэдрэмжийн шалтгаан болж буй шүдний зөөлөн эдийг авах зорилгоор хийдэг.
Сувгийн эмчилгээ нь шүдний хөндий, сурвалжийн сувгийг цэвэрлэх, сувгийг ломбодох гэсэн хоёр үе шаттай явагдана.
Шүдний хөндийг цэвэрлэх ажилбар нь хоёр үндсэн зорилготой.
Үүнд:
- Шүдний хөндийд үржиж хуримтлагдсан нян, бичил биетнүүдийг устгах
- Мэдрэлийн эд болон нян бичил биетнүүдийн үржих орчин болж буй органик гаралтай эдүүдийг шүдний хөндийгөөс гаргаж цэвэрлэх
Шүдний хөндийг халдваргүйжүүлж сайтар цэвэрлэсний дараа хөндийг ломбоны материалаар дүүргэж ломбодно.
Сувгийн эмчилгээ хийх шаардлагатайг яаж мэдэх вэ?
Сувгийн эмчилгээ шаардлагатайг шүдний эмч бодит үзлэг ба рентгеэ зургийн тусламжтайгаар тогтооно. Дараах тохиолдолд сувгийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай болно.
- Шүд урьд нь өвдөж байсан. Хэсэг хугацааны давтамжтай өвддөг. Одоо өвдөж байгаа
- Буйлны орчимд хавдсан, дарахад эмзэглэлтэй
- Шүд шөнө оройн цагаар өвдөж байгаа
1. Рентген зураг
Шүдний хөндийд буй мэдрэлийн өөрчлөлт нь заримдаа ямар нэг шинж тэмдэггүй явагддаг. Эрүүл гэж бодож байсан шүдэнд сувгийн эмчилгээ зайшгүй хийх шаардлагатай болж магадгүй. Энэ нь санамсаргүй байдлаар илэрнэ. Та аль нэг шүдээ эмчлүүлэхээр рентген зураг авхуулах үед уг шүдний зэргэлдээ эрүүл гэж бодож байсан шүдний сурвалжийн оройн хэсэгт хар сүүдэр харагдаж буйг эмч илрүүлж болно. Энэхүү хар сүүдэр нь шүдний хөндийд байсан халдарын голомт шүдний холбогч эдийн завсарлуу нэвчиж тэнд үрэвсэл үүссэнийг илчилнэ.
2. Буйлан дээр илрэх шинж тэмдэг
Заримдаа мэдрэл нь үрэвссэн шүдний харалдаа буйлан дээр үл мэдэгдэм зүйл овойж хавдаад нэг мэдэхэд алга болсон байдаг. Энэхүү хавдрын хэмжээ нь харилцан адилгүй. Заримдаа гарч ирээд л тэгээд л хагараад л алга болчихдог. Хагарах үед нь аманд эвгүй амт амтагддаг. Энэ юу вэ гэхээр шүдний хөндийд буй халдварын голомт нь шүдний холбоосын завсраар дамжин гадагшилж буй юм. Нүүрэн дээр гарсан батганы идээг шахчихаар хэсэг хугацааны дараа үрэвсэл нь намждагтай адил юм. Үүнийг хүмүүс тэр болгон анзаардаггүй. Энийг харин эмч үзлэг хийх явцдаа илрүүлж болно.
Шүдний сувгийг эмчлэхэд өвдөх үү?
Шүдний мэдрэл тасдах буюу сувгийн эмчилгээний үед өвдөх гэдэг нь харьцангуй ойлголт юм. Таны шүдийг хэр зэрэг ур чадартай, ямар багажаар, ямар материал ашиглаж байна гэдгээс энэ нь шууд хамаардаг. Сувгийн эмчилгээг орчин үед мэдээ алдуулагч тарианы тусламжтайгаар өвдөлтгүй хийх боломжтой болсон. Шүдний мэдрэл тасдуулсаны дараа шүд үл мэдэг зовиурлаж хөндүүрлэж болно. Энэ нь ноцтой асуудал биш бөгөөд эмийн бодисын тусламжтайгаар хэсэг хугацааны дараа өөрөө зүгээр болдог.
Инээмсэглэн угтъя эдгэрээд гараарай
ХОЛБОО БАРИХ:
Утас: 7595-24/07, 8828-24/07
Мэйл: [email protected]