Авагддаг хиймэл шүд

 

Давуу тал 

Шүдэлбэр зүүснээр та шүдгүй байхдаа боломжгүй байсан зүйлсээ сэргээж чадах бөгөөд хоол хүнсийг идэхэд хялбар болох төдийгүй хэл яриа тань зүгширнэ.

Хүн шүдгүй болох үед нүүрний булчинд тулгуур байхгүй болдог ба нүүрний булчингууд суларч унжин нүүр царайг хөгшин харагдуулдаг байна.

Шүдэлбэр зүүснээр нүүрний булчингууд тулгууртай болж нүүрний төрх мэдэгдэхүйц сайжирч залуу харагддаг. Түүнчлэн шүдэлбэр зүүснээр та хүний өмнө санаа зовохгүйгээр инээмсэглэх бүрэн боломжтой болно.

Анхаарах зүйлс 

Мэдээж хиймэл шүд нь таны төрөлхийн шүд биш учираас шинээр зүүж эхлэх үед эвгүй байдаг. Зүүхэд эвгүй байхын зэрэгцээ буйлыг дарж холгосноос өвдөлт өгж ч болно. Амны хөндийд шүлс ялгаралт ч мөн ихсэж болох юм. Эдгээр таагүй зовиурууд нь түр зуурынх бөгөөд шүдэлбэр аманд дассаны дараа аяндаа алга болдог.

Шүдэлбэр зүүсэн өдрөөс эмчийн зааврын дагуу шүдэлбэрээ авч, зүүж сурахын зэрэгцээ эмчийн заасан цагт очиж хөндүүр зовиур үүсгэж байгаа газрыг сайтар засуулж янзлах хэрэгтэй. Хэрэв шүдэлбэрт дасахад төвөгтэй удаашралтай байвал шүдний эмчтэйгээ дахин уулзаж зөвлөгөө авахын зэрэгцээ шүдэлбэрийн өөр боломжит хувилбаруудын талаар судлах боломжтой юм. 

Цэвэрлэгээ 

Шүдэлбэр зүүсэн өдрөөс шүдэлбэрийн эрүүл ахуйн талаарх зөвлөгөөг сайтар баримтлах нь чухал. Өглөө бүр шүдэлбэр зүүхийн өмнө зөөлөн үстэй сойзоор буйл, хэл, амны ёроол хэсгийг угааж өнгөрийг цэвэрлэж байх хэрэгтэй.

Түүнчлэн шүдэлбэрээ өөрийн шүдний адил өглөө бүр зөөлөн үстэй сойзоор угааж хоолны үлдэгдэл болон өнгөрөөс цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэх нь мөн шүдэлбэрт өнгөр тогтож өнгө нь өөрчлөгдөхөөс сэргийлж өгнө.

Хэрэв та шүдэлбэрээ зүүгээгүй бол түүнийг гажихаас сэргийлж усанд хийж байх нь чухал.